ЖАЙКА-ын төлөөлөлтэй жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төслийн талаар хэлэлцлээ

2021/06/24
ЖАЙКА-ын төлөөлөлтэй жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төслийн талаар хэлэлцлээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан нар Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Эрико Тамүраг хүлээн авч уулзан, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж байгаа төслүүд болон хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтад Жижиг, дунд үйлдвэрийн газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа, Санхүү, хөрөнгө оруулалт хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Ундрал, ЖАЙКА-ийн Хувийн хэвшлийн салбарын хөгжил хариуцсан төлөөлөгч Койзуми Тайга, Хувийн хэвшлийн салбарын хөгжил хариуцсан мэргэжилтэн Д.Болор, Хөдөө аж ахуйн салбар хариуцсан мэргэжилтэн Б.Заяа болон албаны бусад хүмүүс оролцлоо.

 

Энэхүү уулзалтаар цар тахлын үед эдийн засгийн хүндэрч болзошгүй нөхцөл байдлын улмаас жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, “Хоёр үе шаттай зээл” олгох төслийн III дахь үе шатыг хэрэгжүүлэх талаар харилцан санал солилцсон юм.

Мөн Япон улсын Засгийн газрын зээлээр хэрэгжсэн “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай” зээл төслийн үйл ажиллагаанд тулгуурлан Жижиг, дунд үйлдвэрийн салбарт санхүүжилт олгох чиг үүрэг бүхий Жижиг, дунд бизнесийн корпораци /ЖББК/-ийг төр, олон улсын санхүүгийн байгууллага, гадаад, дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын оролцоотойгоор байгуулан ажиллуулах тухай  Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА) харилцан санал солилцох уулзалтыг зохион байгуулахаар тогтов.

ЖАЙКА-ын төлөөлөлтэй жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төслийн талаар хэлэлцлээ  
Баянгол дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв Facebook